+(976) 9510-2233

Биндэрийн овоо Байгалийн үзэсгэлэнт газар

Хэнтий аймгийн Батширээт сум

Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байх овоо бөгөөд шургааг модоор барьж дээр нь чулуун овоо босгосон байдаг нь өвөрмөц билээ. Энэ овооны зүүн урд талд эртний сүг зураг, элдэв янзын тамганы бичиг дардас бүхий Рашаан хад байдаг. Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаарах ажээ. Үүнд хөхтөн амьтны хамгийн анхны хэлбэр савагт хирс, хүн төрөлхтөнтэй хамгийн удаан амьдарсан аварга том хөхтөн арслан заан зэрэг амьтанг дүрсэлсэн байдаг. Одоогоос 40-14 мянган жилийн өмнө Хэнтийн нуруугаар амьдарч байсан эртний хүмүүс цахиураар зэвсэг хийж хулан, арслан заан, савагт хирс зэргийг агнаж амьдардаг байсныг уг Рашаан хадны зурагнууд гэрчлэх ажээ. Монголын нууц товчооны нэрээ бараг хэвээр хадгалан байгаа Биндэръяа уулын зүүн шувтарга дээрх Биндэрийн овоо нь бүс нутгийн хэмжээний хамгийн том тахилгат газарын нэг юм.Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар (1635-1723)-тан Ононгийн халуун рашаанд морилоод буцах замдаа энд саатан Йэхэсийн газар өршөөсөн газар гэж тахисан тухай яриа бий. Тиймээс Өндөр гэгээний үеэс өнөөгийн Биндэр овооны тахилга эхэлсэн гэж үзэж болох тал байна.Биндэрийн овоог жил бүрийн хавар цагт тахидаг бөгөөд Батширээт, Биндэр, Өмнөдэлгэр сумдууд жил бүр ээлжлэн овоо тахилгын зан үйлийг хариуцан гүйцэтгэж ирсэн. Энэ жилийн тахилгыг Батширээт сумын ИТХ, ЗДТГ-аас амжилттай зохион байгууллаа. Жил бүрийн тахилгын үеэр өрх, хот айлуудын өргөсөн хонины ууц дунджаар 40-50 ширхэг болдог бөгөөд тахилгын дараа овоондоо өргөсөн шүүснээс төрөл төрөгсөд, нутаг нугынхандаа хувь хүртээдэг заншилтай. Яг үүнтэй ижил зан үйл бүхий тахилгын зан үйлийн мэдээ МНТ-ны 70-р зүйлд бичигдсэн бөгөөд хавар цагт  Йэхэсийн газар-т өргөсөн тахилын идээ шүүснээс бэлэвсрэн үлдсэн Өэлүн эхэд үл хүртээсэн тухай дурджээ. Тус овоо тахилгын үеэр хурдан морьны уралдаан, бөхийн барилдаа, буриад сурын харваа зохион байгуулагддаг уламжлалтай.
 

 

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил