+(976) 9510-2233

УУШГИЙН ӨВРИЙН БУГАН ЧУЛУУН ЦОГЦОЛБОР Байгалийн үзэсгэлэнт газар

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум

Хүрэл, түрүү төмрийн үед холбогдох буган хөшөөний цогцолбор Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушги уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагирган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжтай. Хөшөөдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй ба хөшөөдийг цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Эдгээр хөшөөдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм. Уг хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ. Хүний нүүрний доод талд хүзүүний зүүлт, түүний доор том жижиг 14 бугыг хөшөөг эргэн ороосон байдалтайгаар дүрслэхдээ тэдний завсар зайнд нь таван талт хэлбэртэй бамбай, толь зэргийг багтааж, харин бүсний доод талд 14 бугыг дээшээ тэнгэр өөд тэмүүлсэн байдалтайгаар сийлжээ.

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил