МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН Байгаль, түүхийн дурсгалт газар

Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Монгол түмний морины их шүтээн

     Монгол түмний морины их шүтээн :: www.touristinfocenter.mn

        Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километрт газарт орших Монгол түмний морины их шүтээн буюу алдарт Арвайн талд байрладаг. Энэхүү цогцолборыг 2007 оны наймдугаар сард олны хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар билээ. Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь таван метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход үнэтэй хувь нэмэр, оруулж хандив өргөсөн албан байгууллага, хувь хүмүүсийн нэрсийг бичжээ. Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь гурван метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулж. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулсан ажээ. Гадуурхи 108 суварга нь 2008 оны 5 дугаар сараас эхлэн баригдсан бөгөөд түүний 96 суварга нь 2.6 метр өндөр бол үлдсэн 12 суварга нь 3 метр өндөр юм. Суварга болгоны сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь дөрвөн талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь тус тус товойлгосон байна. Эдгээр нь бурхадад байнгын өргөл өргөж байгааг илтгэхийн зэрэгцээ ард түмэн маань жаргалын найман морь шиг үргэлжийн аз жаргал, цог хийморьтой байхыг бэлгэджээ. Монгол түмний морины их шүтээн цогцолборын ерөнхий архитектороор ШУТИС-ийн багш Ц.Мөнхмандах ажиллаж, хурдан морины хөшөө, Хаянхярваа бурхан, 108 суваргыг Г.Энхтөр ахлагчтай урчууд, уран барималчид хийж гүйцэтгэжээ.

Эх сурвалж Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил