+(976) 9510-2233

ДАЯН ДЭЭРХИЙН АГУЙ Байгалийн үзэсгэлэнт газар

Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр сум, Даян Дээрхийн агуй

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойно Үүр голын зүүн цутгал, Дээрх гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Даян Дээрхийн агуй нь Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Олон төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн “үзмэр” юм. Даян Дээрхийн Агуй том жижиг гурван амтай. Агуйн том ам 3х4 метрийн хэмжээтэй, нөгөө хоёр нь түүнээс арай бага хэмжээтэй. Агуй орчмын уул нь шохойн чулуулагтай. Агуйн их ам дотор талдаа 1 метр орчим өндөр чулуун босготой, босгыг давж ороход төвөгтэй учир зориуд чулуун шат тавьсан. Энэ босгыг давангуут 7 метр орчим өргөнтэй , 15 метр өндөр дөрвөлжин хэлбэртэй том хөндий тасалгаа байна. Үүнээс өнгөрмөгц эхний тасалгаанаас нарийхан нам боловч урт, тал тал тийш олон хонгилтой тасалгаа байдаг. Энэ хоёр тасалгаа нийт урт 32,5 метр болно. Хоёр дах тасалгааны эцэст эгц дээш өгсөж ордог хоёрдахь давхрын тасалгаа байдаг. Үүн рүү орохын тулд тусгай модон шат хэрэглэдэг. Агуй нэгдүгээр давхраас хоёрдугаар давхар хоёрын хооронд босоо зай 14,7 метр өндөр юм. Хоёрдугаар давхрын том тасалгаа нь баруун хойш чиглэсэн 4 метр өндөр, 3-5 метр өргөн 24 метр урт юм. Эл тасалгаанд олон жижиг хонгил тал тал тийш салбарласан байдаг. Эл тасалгааны шалан талын хэсэг гүн худаг мэт жижиг нүхтэй, гурван том баганатай. Энэ нь шил мэт тунгалаг өнгөтэй. Нэгийг нь хүмүүс зориуд хугалсан байна. Энэ тасалгаанаас зүүн өнцөгт 2 метр өндөр нарийн босгыг давж, нүүхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар дараагийн тасалгаанд орно. Эл тасалгаанаас агуйн мухар хүртэл том жижиг найман тасалгаа байдаг. Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Үүнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Энэ нь нилээд сүүлийн үед нурсан. Түүнээс цааш үргэлжилж хил гардаг байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг. Агуйн амнаас энэ хүртэл агуйн 170 метр орчим гэж судлаачид тогтоосон. Агуйд хүмүүс орохдоо лаа барьж ордогоос агуйн хана тортог хөө болсон байдаг. Агуйн аманд 2 метр өндөр чулуун овоо байдаг. Эл агуйг 17 дугаар зууны үеэс судалж байжээ. Эрдэмтэн Ч.Дүвжир 1960-аад онд нэлээд нарийн судалсан байна. Балганшаравдорж гэдэг хүн энэ агуйн тухай ном 1728 онд бичсэн гэсэн мэдээ байдаг ч ном нь олдоогүй байна. Даян дээрхийн агуйг эртнээс тахиж шүтэж байжээ. 1728 онд Балганшарав дорж гэдэг лам Даян дээрхийн сан гэдэг магтаал зохиосныг тахилга үйлдэх үеэр уншдаг байв. Сайн ноён хан Намнансүрэн өөрийн сангаас хөрөнгө зардал гаргуулан, Даян дээрхийн сахиусыг тахиулдаг байжээ. Даян дээрхийн домог байдаг: Чингис хааны үед Даян Дээрхи гэдэг бөө амьдарч байжээ. Тэр нэгэн удаа Чингисийн отог дээр хоёр шарга морьтойгоо очиход хаан баатруудтайгаа анд явсан байв гэнэ. Хатан нь түүнийг гэртээ урьж, бөөлүүлэн, онгод савдагт нь отог омгоо даатгуулжээ. Бөө явах болж, хатан түүнийг гаргаж өгөх гэтэл Даян Дээрх “Та нар миний хойноос бүү гар. Отгон охиноороо нохой хориул” гэжээ. Охин нохой хорихоор гарахад бөө хөтөлгөө мориндоо сундлан зугтжээ. Энэ тухай Чингис хаанд хэл хүргэн, хаан баатруудынхаа хамт түү- нийг нэхэж. Даян Дээрх уулан дахь агуйдаа ирж, охиныг нуун, өөрөө Үүрийн голын зах дээр хөшөө чулуун хөрөг болж, хиргисүүрэнд шингэн алга болжээ. Үүнийг нүдээр үзсэн хаан ид шидэнд нь ихэд бишрэн “Охиныг минь хатнаа болгож, хайрлаж харж яваарай. Ид шидээрээ энэ нутгийнхаа ард олонд тусалж яваарай” гээд буцжээ. Түүнээс хойш уг чулууны дэргэдүүр морьтой хүн явахад морь нь бусгадаг, хөтлөөд явахад зүгээр болдог. Хожим энэ нь ямар учиртай юм бол гэж хиргисүүрийг ухаж үзвэл хүн чулуун хөрөг гарсан тул уг агуйг “Даян Дээрхийн агуй” хэмээн нэрлэн, бөөгийн онгод болгон шүтэж иржээ. 1864 онд Даян Дээрхийн хийд хэмээх шарын шашин, бөө мөргөлийн төвийг Цагаан-Үүр сумын нутаг дахь Үүр, Дээрхийн голын бэлчир байгалийн үзэсгэлэнт газарт байгуулсан туурь одоо хүртэл бий. Энэ агуйг үзэж сонирхох, онгод шүтээнээс нь абшиг авах гэсэн гадаад, дотоодын жуулчид их ирдэг болсон.

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил