+(976) 9510-2233

Манжийн төрөөс Ар Монголд шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх зорилгын дүнд байгуулсан хийд Тус хийд нь Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөрт Ивэн голын хөвөөнд оршино. Уг хийдийг Манжийн Найралт төвийн 5-р он буюу 1727 оноос байгуулж эхлэн 1737 онд барьж дуусгажээ. Амарбаясгалант хийд нь хийц, загвар, үзэмжийн хувьд дорнын уран барилгын хэв загварыг өөртөө шингээсэн чуулбар байв. Тус хийд нь зургаан гол аймаг, 6000 орчим ламтай, Дэжидлин, Сангай, Пунцаглин зэрэг нэртэй аймагтай, нэг аймаг 500 орчим хуврагатай байжээ. Мөн Мамба, Зурхай, Жүд, Ламрим, Цогчин, Чойр зэрэг сургууль, дацантай. Тэдгээрт бурхны шашны ном сургалт явуулж байлаа. Хамгийн гол хурал нь Өндөр гэгээн Занабазар, дөрөвдүгээр Богд Жибзундамба нарын чандарын өмнө тахил өргөх ёслол ажээ. Энэ хуралд хамгаас хүндтэй таван лам ээлжилж оролцох ба доод дэсийн лам нар энэ хуралд оролцох эрхгүй байжээ. Хийдэд жил бүрийн 6 сарын шинийн 15-нд Майдар эргэх, 6 сарын 27-нд цам бүжиглэх ёслол болдог байв. Хийд нь гадуураа давхар хэрмэн хашаатай бөгөөд хэрмийн дотор, гадар хоёр талаар хур борооны ус зайлуулах сувагтай, нийт 40 орчим сүм дугантай байжээ. Амарбаясгалант хийд нь 1930-аад оны дундуур улс төрийн харгис үйлдэлд өртөн устгагдсан юм. Харин 1944 онд төрийн хамгаалалтанд авч 1990 оноос хурал номын үйл ажиллагааг нь сэргээжээ. Амарбаясгалант хийдийг байгалийн үзэсгэлэнт байдалтай хослуулан бүтээсэн бөгөөд Монголын шарын шашны тэргүүн өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн, Монголын түүх, соёлын хосгүй нандин дурсгалын нэг юм.

Махаранзын дуган: Энэ дуганд 4 махаранз бий. 1938 онд орвонгоор нь устгасан 4 махаранзыг 1988-1989 онд Улаанбаатараас уран Жамба ирж дахин бүтээсэн нь Амарбаясгалант хийд дахин мандан дэлгэрэх алтан замыг нээсэн буянт үйл болжээ. Хөрөнгийг нь засгийн газраас гаргажээ. Нэг дуган нь 7,8м урт, 7,5м өргөнтэй бараг тэг дөрвөлжин юм.

Түүхийн хоёр дуган: Энэ нь хэмжээгээр жижигхэн, дотор нь Манжийн хааны зарлиг сийлж бичсэн хоёр том чулуун гэрэлт хөшөө юм.

Цогчин дугана: Энэ бол хамгийн том нь бөгөөд ер нь өөр байхгүй том, гоёмсог дуган байна. Цогчин дуган нь 32 х 32 метр хэмжээ бүхий талбайтай, 2 давхар барилга бөгөөд ур хийц, гоёл чимэглэлийн хувьд Монголд төдийгүй Азид хосгүй гоёмсог уран барилга юм. Дуганд байх 4 том гол багана нь голоороо ховилтойгоор хийгдсэн байдаг нь дээвэр дээрхи бороо цасны усыг гадагш зайлуулах үүрэгтэй ажээ. Тус хийдийг барьж байгуулахад оролцсон уран дархчуулд манжийн Энх-Амгалан хааны зарлигаар “Билигт дархан”, “Хэтэрхий зоригт дархан”, “Нягт хичээнгүй мужаан”, “Хурц дархан”, “Гоц уран”, “Арга билэгт мужаан”, “Ачит дархан” зэрэг цолыг тус тус олгож, лан мөнгө, хонь мал зэргээр урамшуулжээ. Гаднах дөрвөн талдаа 36 баганатай, дотроо 44 баганатай хааш хаашаагаа 29м тэг дөрвөлжин модон дуган юм. Цогчин дуганы гол шүтээнүүд нь баримал том Намсрай, Богд Зонхов, Боржин чулуун Бурхан багш Жанрайсиг, зурмал олон манал, Далай ламын болон Богд Жавзандамбын хоёр сэнтий, шухан Ганжуур,Гүрү-дива Ринбочигийн Энэтхэгт бүтээлгэж авчиран бэлэглэсэн сайн цагийн мянган бурхан бий. Цогчин дуган нь хоёр давхар, сүрлэг гоё билээ.

Маналын дуган: Баруун урд өнцөгт оршдог 10,85м урт 7,3м өргөн. Хуучин олон хар Маналууд байжээ. Одоо Гүрү-Дива багшийн бэлэглэсэн 100 Аюуш бурхан, Лондонд хэвлэсэн Ганжуурын ботиудыг залжээ.

Сахиусын дуган: зуугийн зүүн урд өнцөгт бий.Заримыг нь зурсан, заримыг нь хүрлээр цутгаж алтадсан, 10 хангал сахиус энэ дуганд бий.Тэдгээр нь Лхам,Жамсран, Чойжоо, Гомбо, Намсрай, Чагдар, Жигжид, Гонгор, Цамба, Бүрэнхааны сахиус эдгээр юм. Дуганы урт 21м өргөн нь 13м аж.

Зуугийн дуган: Энэ дуганд Бурхан багш Санжаа, осрон гэдэг хоёр шавьтайгаа, Майдар бурхан хоёр шавьтайгаа, Сэмбээжид найман гэлэн, Дайждамдин, чадар, баримал 16 Найдаг, жүдүг зэрэг Балбын урчууд шинээр бүтээсэн шүтээнүүд байна. Дөрөвдүгээр богдын шарилын дуган: Урт өргөн нь адилхан 9,7м тэг дөрвөлжин дуган.Доторнь дөрөвдүгээр богдын дүр, намтрыг нь бичиж тавьжээ.

Өндөр гэгээний шарилын дуган:Хэмжээ нь Дөрөвдүгээр Богдынхтой яг ижил: дотор нь Өндөр гэгээний Занданшуулсан шарил 1000ш Өндөр гэгээний баримал шүтээнтэй байсан.Одоо Өндөр гэгээний баримал дүр байна.

Лаврин дуган: зуугийн чанх ард байна.25,4м урт, 9м өргөнтэй том дуган юм. Дотор нь Өндөр гэгээний хоёр том баримал, хоёр Жавзан, Шалш, хэмээх догшид байна. Энэ нь богд ирэх үедээ залардаг дуган юм байна.

Лхүн-Лха буюу Богдод мөргөл үйлдэх дацан: 8,9м урттай, 7,95м өргөнтэй жижиг модон дуган бий. Гэгээний Шар орд буюу Яамны дуган: Шүтээн нь Жанрайсиг бурхан юм.

Нархажидын сүм: 12м урт, 8м өргөн. Өндөр гэгээний бүтээсэн Нархажид бурхан байсан нь үгүй болсон. Энэ бурханыг урьд Өндөр гэгээн хайртай бүсгүйнхээ дурсгалд зориулан бүтээсэн байжээ.

Майдрын дуган: Хэмжээ нь Нархажидынхтай адил энд эргэдэг Майдар, суугаа хүний хэмжээтэй шинжтэй Лим шүтээн байжээ./Лим шүтээн нь-цутгаж бүтээсэн/ Эдгээр үндсэн гол 16 дуганаас гадна дээр дурьдсан 10цагаан дуган гадаад хэрэмний дотор бий. Ингээд Амарбаясгалант хийд одоо 26 дугантай, хоёр их суваргатай байна.

Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих зан үйл хийдэг. Гонгорын бумбын хурлыг жил бүрийн 8 дугаар сард хийх бөгөөд Бумбыг зөвхөн тус хийдэд бүтээж маш нарийн дэг жаягаар аравнайлдаг байна. Есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц хүж, цай гээд нарийн нандин зүйлс ордог. Бүтээлгэсэн хүн нь бумбаа жилд нэг удаа тахиулдаг бөгөөд хир буртаг оруулахгүй, хамаагүй хөдөлгөж эдэлдэггүй байна. Дахин тахиулахдаа энэ хийд дээр авчирч тахиулдаг. Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас цэвэр цагаан мөнгөөр бүтээлгэх нь их байдаг. Гонгорын бумбыг “баяжихын бумба” гэдэг. Бумбыг бүтээлгэснээр буян хишиг арвижиж, эд хөрөнгөөр элбэг дэлбэг болдог ажээ.

Жарун хашор суварга Амарбаясгалант хийдийн дэргэд Жарүн хашор буюу “Ам алдсан” хэмээх том суварга босгожээ. Энэ суваргын талаар ийм нэгэн домог байдаг. Өгөөмөр сэтгэлт нэгэн эмгэн буян хураахын тулд суварга босгохоор шийдэж хаанаас зөвшөөрөл хүсэхэд ”хүссэнээ хий” гэжээ. Нөгөө эмгэн дөрвөн хүү, нэг зарцын хүчээр заан, илжиг хоёр хөлөглөн шороо чулуу зөөсөөр ажил нь нэлээн урагштай болж ирэх үед, нутгийн ноёдууд “ядуу эмэгтэй суварга бүтээх нь шадар сайдууд, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүсийн нэр төрд нь халтай” гэж үзэж суварга босгохыг нь болиулахын тулд хаанд айлтгал өргөжээ. Тэгтэл хаан “Хаан нэг зарлигтай байдаг юм. Нэгэнт би ам алдсан тул түүнээсээ буцахгүй” гэж хариу хэлжээ. Үүнээс үүдэн уг суваргыг “Ам алдсан” буюу Жарүн хашор гэж нэрлэсэн гэнэ. Ийм суварга бүтээх үйлсийг Амарбаясгалант хийд нутаг дэвсгэр дээр нь оршдог Баруунбүрэн сумын харъяат О.Бадам, Д.Пагважав нар санаачилжээ. Мөн тус суваргыг Нүдэн суварга гэж нэрлэдэг бөгөөд мөргөж залбирхаар ирсэн хүн нүд рүү нь ширтэн харах юм бол нүгэл хилэнцээс салдаг хэмээн ярьдаг. Суварга тойруулан сүсэгтэн олны хандиваар 108 хүрдийг залсан байх агаад хүрд бүрт Г.Занабазарын бүтээсэн “Соёмбо”-ыг товойлгон дүрсэлжээ.

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил