Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг /үндэсний түүхийн музейг/ 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ.

1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг.

Цагийн хуваарь:

Өвөл: 1/X –15/IV хүртэл, 10:00 - 18:00 Мягмар, Лхагва гаригт амарна. Зун: 1/IV - 1/X хүртэл, Өдөр бүр 09:00 – 20:00

Тасалбарын үнэ: Гадаад, монгол том хүн 8000 төг Оюутан 3000 төг Хүүхэд 1500 төг Фото зураг 50000 төг Видео бичлэг 70000 төг

Дэлгэрэнгүй:

Товч түүх: Туул голын хойд талд, Дунд голын өмнүүр Богд хааны өндгөн сүргийн бэлчээрт Жавзандамба хутагтын гурван ордон байжээ. Зүүн талд нь (одоогийн I цахилгаан станцын орчим) Гунгаадэжидлин (Цагаан ордон), баруун талд нь Хайстай лаврин (Хүрэн ордон) тус тус байсан ба дунд нь Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд буюу төвдөөр Шаравпэлжээлин хийд байрлаж байжээ. Иймээс энэ ордныг хүмүүс Голын сүм, зарим бүтээлд Дээд сүм гэхчлэн тэмдэглэсэн байхаас гадна уг ордны дээвэр нэлэнхүйдээ ногоон вааран дээвэртэй байсан учраас ард олны дунд Богдын ногоон ордон хэмээн нэрлэгдэж заншжээ. Музей болсноос хойш Улсын музей, Орон нутаг судлах музей нэртэй байгаад 1961 онд албан ёсоор Богд хааны ордон музей гэгдэх болсон байна. VIII Богд Жавзундамба хутагтад зориулан 1893-1905 онд Ногоон ордны уран барилгын цогцолборыг Туул голын ар хөвөөнд байгуулжээ. 1907 онд Манжийн хаанаас тус ордонд “Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм” хэмээх нэр хайрласан байна.

Ногоон ордон нь Ямпай хаалга (Халхавч хаалга гэсэн утгатай хятад үг), Асарт гурван хаалга, Шөргөн хайс, Тугны мод, Андинмэн буюу Амгалан энхийн хаалга, Махранзын сүм (Дөрвөн их хааны сүм), Жин хонх, Жин хэнгэрэгний сүүдрэвч, Эрдэм итгэмжит (Найдан) сүм болон хоёр талын Жотхан сүм (Тахилын сүм гэсэн утгатай төвд үг), Ногоон лаврин (Ордон гэсэн утгатай төвд үг) болон түүний өмнө талын хоёр Жотхан сүм, Хувцасны сангийн байшин зэргээс бүрдэж байсан ба зарим жижиг сүм, Дарь эхийн сүм, аж ахуйн үйлчилгээний барилгууд, амьтдын байр зэрэг нь хадгалагдаж үлдээгүй. Ногоон лаврин нь VIII Богдын гол шүтээний сүм бөгөөд Богд өөрөө зуны цагт өдөр бүр ном бясалгаж нямба хийдэг байв. Лаврин сүмийн хамгийн дээд жижиг оройн сүмд хааны гол шүтээн Очирдарь бурхныг залж байжээ.

Оросын II Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1903-1905 онд өвлийн ордон хэмээх европ маягийн хоёр давхар цагаан байшинг барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил амьдаржээ. Ногоон ордон төлөвлөлтийн хувьд гол тэнхлэг дээр “Цогчин дуган” буюу гол сүм орших бөгөөд тэнхлэгийн дагуу буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм дугануудыг зориулалтаар нь эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ. Ордны барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод, чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна. Энэ ордон нь Монгол улсын хамгийн сүүлчийн хааны дөрвөн ордны нэг бөгөөд Богд хааныг нас барсны дараа 1926 онд музей болгосон байна.

Хамгаалалтын зэрэглэл: Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад авчээ. Дэлгэрэнгүй: Ногоон ордны урд талын гурван асарт үүдэн дээрх Манжийн хаанаас олгосон илэрхийлэх бичиг хэмээх есөн луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр баруун талд нь“Бадаргуулт төрийн гучин гуравдугаар оны гурван сард”, зүүн талд нь “Наймдугаар үеийн Жавзандамба хутагт”, гол дээд талд нь “Зарлигаар шагнасан” гэж монгол бичгээр, мөн түүний доохно томоор “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” хэмээн монгол, манж, төвд, хятад дөрвөн үсгээр бичжээ. Билгийг хөгжүүлэн бадруулагч хийдийг барихад түмэн шар тэрэг мод орсон. Модыг хаалгач лам Жанчив, зайсан лам Жанцан нар хариуцаж, Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошуу нутаг Зүүнбаянгаас, шохойг мөн хошууны Цагаанбулаг хэмээх газраас бэлтгэжээ.

Сүмийн барилгыг Тэжаан зайсангийн пүүс голлон, туйпуу будгийн ажлыг Амгалангийн Хан овогтын пүүс хариуцан барьжээ. Мөн 1903-1905 онд Өвлийн ордон буюу европ маягийн хоёр давхар цагаан байшинг Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн Цэцэн хан аймгийн буриад барилгачдаар бариулсан байна. Ногоон ордныг хэд хэдэн удаа өргөтгөн шинэ барилга байгууламжууд нэмж барьсан. Тухайлбал 1911 онд VIII Богд Жавзандамбыг Богд хаант Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхэн үйл явдалд зориулж 1912-1919 онд Амгалан энхийн хаалгыг бариулжээ. Хаалганы зураг төслийг уран барилгач “Зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зохиожээ. 1913 онд Өвлийн ордонтой залгуулан хувцасны сангийн барилга, мөн Богдын бор зааны өвлийн байшинг хашааны баруун хэсэгт тус тус бариулсан байна. Энд бас мухар тэрэгний граж байсан тухай мэдээ бий. Богд хааны ордон музей. 1930-аад он. 1921 оны 11 дүгээр сарын 19-нд Монгол улсын Засгийн газар Судар бичгийн хүрээлэнг байгуулсан бөгөөд хүрээлэнгийн олон талт үйл ажиллагааны дотор музей байгуулах асуудал чухал байр эзэлж байжээ. Энэ тухай Засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар баталсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны дүрмийн нэгдүгээр зүйлд "Хүрээлэнгийн газраа музей хэмээх зүйл бүрийн сонин зүйлийг хураан олон хүн үзэж танихуйд тус болгоно" гэж заасан байна. Энэ нь Монголын музейн тухай өгүүлсэн анхны түүхэн баримт бичиг юм.

Улмаар 1924 оны эцсээр Монголын шинэ цагийн анхны музей үүдээ нээсэн бөгөөд тэр үед улсын Анхдугаар их хурлын төлөөлөгчид сонирхон үзсэн байна. Шинэ тулгар музейн сан хөмрөг өдөр ирэх тусам өргөжиж байр сав нь хүрэлцэхээ больсон тул 1926 онд Ардын Намын Төв Хороо, Засгийн газар Улсын музейг үүсгэн тохижуулах товчоог байгуулж, VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богдын Өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэрийг гаргав. Уг шийдвэрийн дагуу музей Монгол улсын Боловсролын их сургуулийн орчим байсан таглагар дээвэртэй, төвд дуганын загвартай жижиг дүнзэн байшингаас Өвлийн ордон уруу нүүжээ. Улмаар Өвлийн ордны барилгын өнгө будаг, өрөө тасалгааг музейн зохион байгуулалтанд тохируулан засч янзалсны дараа үзмэрээ төрөлжүүлэн ангилах журмаар дэлгэн тавьсан байна.

Музейг байгуулах, үзмэр цуглуулах, дэглэх нүсэр ажилд Н. Дэндэв, Зөвлөлтийн эрдэмтэн П. К. Козлов, В. И. Лисовский, Б. Я. Владимирцов нар оролцож анхны тасгийг нээжээ. Дараа жил нь музей орон тооны ажилчидтай болсон байна. Мөн музейн үзмэрийн бүртгэлийг анх хөтөлж монгол, орос хэлээр бичсэн баримтуудыг цэгцлэв. Музейн үзмэрийн анхны тооллогыг 1936 онд хийжээ. Музейн үзмэр, дэглэлтийг өргөтгөж байгаль, газарзүйн олдвороор баяжуулан Орон нутаг судлах музей нэртэй болсон бөгөөд 1940-өөд оноос орон тоо, боловсон хүчний хувьд нэлээд бэхжив. 1954 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын Төв музей байгуулах шийдвэр гарч[5], тус музейд байрлаж байсан Улсын музейг нүүлгэн, хааны ордонд Богд хааны ордон музей байгуулах болж, үзмэр дэглэлтийг өөрчлөх, Өвлийн ордныг уугуул төрхөнд нь оруулах ажил эхэлжээ. Энэ үеэс Улсын төв музейн харьяа болж байв. 1961 онд Богд хааны ордон музей хэмээгдэх болж үзмэрийг шинээр дэглэснээс гадна зуны мөргөлийн сүмүүдийг сэргээн засварлав. 1969, 1980 онд сан хөмрөгийг тоолжээ. Тухайн үед Музей удирдах газрын харьяанд байв. Эрдэнэ итгэмжит сүм 1990 онд Музей удирдах газар татан буугдсанаар музей тэр үеийн соёл урлагийн хороонд харьяалагдах болов. 1992 онд Чойжин ламын сүм музейтэй нэгтгэн шашны түүхийн музей нэртэй болгосны зэрэгцээ музейн өмнөх үеийн тайлбар сурталчилгааг түүхэн бодит баримтад тулгуурлан явуулах болжээ.

Музейг үзэх гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдсэнд АНУ, Японы жуулчид зонхилж байв. Монгол улсаас гадаадад гаргах үзэсгэлэнгүүдэд тус музей шилдэг үзмэрүүдээ оролцуулах болсон бөгөөд 1993 онд Францад, 1995-1996 онд АНУ-ын Сан-Франциско, Вашингтон, Денвер хотуудад, 1996 онд БНСУ-ын Сөүл хотод, 1998 онд Японд, 1999 онд Нидерланд, 1999-2000 онд Австралид гарсан үзэсгэлэнд үзмэрүүдээ оролцуулсан байна. 1997-1998 онд музейн үзмэрийн улсын ээлжит тооллого явагдав. 2000 онд Шашны түүхийн музей татан буугдаж Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей тус тусдаа бие даажээ. Гадаад харилцаа улам бүр өргөжиж 2002 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Номын сангийн сүмийг сэргээн засварласан бол мөн онд Английн Төвдийн сангийн төсөлд хамрагдсан байна. 2005 онд хосгүй үнэт үзмэрийн зэрэглэл тогтоох ажил эхэлжээ. 2005-2007 онд “Чингис хаан ба түүний залгамжлагчид” нэртэйгээр ХБНГУ, Австри, Турк, Унгар улсад гарсан үзэсгэлэнд тус шилдэг хосгүй үнэт үзмэрүүдээ оролцуулсан байна. Сүүлийн жилүүдэд орчин үеийн техник технологийн дэвшлийг музейн үйл ажиллагаанд идэвхтэй нэвтрүүлж байна.

Тухайлбал 2016 онд “Google” компанийн Соёлын хүрээлэнгийн (Google Cultural Institute) төсөлд нэгдсэнээр, энэ төслийн хүрээнд музей нь дижитал үзэсгэлэнгээ гаргасан дэлхийн 60 орны нэг нь Монгол болов[6]. Улмаар музейн гадаад дотоод виртуал зураглалыг Google Street View-гээр үзэх боломжтой болжээ. Мөн “Богд хааны ордон музей” ухаалаг гар утасны аппликэйшнийг гаргаж App store, Play store дээр байршуулсан байна. Биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг тус музейгээс санаачилж ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр 2014 онд Хаан туульсийн өргөөг музейд албан ёсоор нээсэн бөгөөд 2015 оноос эхлэн жил бүрийн өвлийн саруудад тууль хайлах уламжлалт зан үйлийг зохион байгуулж байна[7]. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд, сургуулийн бага, дунд, ахлах ангийнхан, оюутан залуус, идэр дунд, ахмад настнуудад зориулсан боловсролын хөтөлбөрүүдийг улирал бүр тогтмол зохион байгуулах болов. Түүнчлэн жил бүрийн Цагаан сарын шинийн найманд нэг өдөртөө багтаан Цагаан дарь эх бурхан бүтээх уламжлалт үйл ажиллагааг сэргээн зохиох болжээ[8].

Мөн музей судалгаа шинжилгээний төв болох зорилтын хүрээнд төрөл бүрийн эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж олон нийтэд судалгааны сүүлийн үеийн хамгийн шинэлэг үр дүнг танилцуулах зэрэг олон чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил