Аймгийн музей нь 1949 онд орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдан 1971 оноос орон нутгийг судлах музей болон өргөжсөн байна. 1982 онд Халхын Сэцэн ханы зуны ордноос /1681 онд баригдсан/ үлдсэн 5 барилгыг сэргээн засварлаж Угсаатны зүйн музей болгосон. Аймгийн музей нь угсаатны зүйн музей /Сэцэн ханы ордон музейд байрладаг/, Орон нутаг судлах музей гэсэн 2 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Угсаатны зүйн музей нь угсаатны зүйн, шашин мөргөлийн, тоглоом наадгайн, Сэцэн ханы, Чингисийн, Орон нутгийг судлах музей нь Хан Хэнтийн, байгалийн, эрийн гурван наадмын, алдар цуутнуудын , түүхийн гэсэн нийт 10 танхимтай. Хэнтий аймгийн түүх, шашин, угсаа нийтлэгийн онцлогийг харуулсан 2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг дэглэн жилд 7000 гаруй хүнд үйлчилдэг. Сэцэн ханы ордон музейн цуглуулгад угсаа залгамжилсан Сэцэн хануудын эдэлж хэрэглэж байсан үнэт ховор эд зүйлс, Халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, өвгөн ноён Минжүүрдоржийн Пүрэвжавын хэрэглэж байсан эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгийн зурагнууд, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт олноороо суурьшдаг Халх, Буриад, Хамниган угсаатны ахуй соёлыг харуулсан үзмэрүүд, шашны эд зүйлс, үнэт ховор судар ном, бурхан шүтээнүүд хадгалагддаг байна. Орон нутгийг судлах музейн үзмэр бүтээл нь аймгийн түүх соёлын дурсгалт газрын зураг, уран зураачдын бүтээл, аймгийн үзэсгэлэн төгс байгалийн олдвор ан амьтан, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээжис, Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын намтар түүхийг харуулан дэглэгдсэнээрээ онцлогтой аж. Мөн чулуун зэвсгийн үеээс эхлээд өнөөгийн Хан Хэнтий нутгийн түүх соёл, ард түмний ахуй амьдрал, уламжлал, зан заншил, ололт амжилтыг харуулсан үзмэрүүдээр үзүүлгийн танхимуудаа дэглэсэн байдаг. Сэцэн ханы ордонг МУ-ын Засгийн Газрын 2008 оны 5 сарын 14-ний өдрийн 175-р тогтоолоор улсын хамгаалалтанд авсан. Тасалбарын үнэ: • Том хүн - 1500 төг (Орон нутаг судлах музей) • Том хүн - 2000 төг (Сэцэн ханы ордон музей) • Хүүхэд (6-16 нас) - 300₮ • Цэцэрлэгийн насны хүүхэд үнэгүй үзнэ. Цагийн хуваарь: Мягмар-Бямба гарагт 08.00-17.00, Ням, Даваа гарагт амарна. Тус музейд: Монголын хамгийн том чулуун солир /1989 онд Хэнтий аймгийн Галшар сум, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын зааг нутаг болох Зээртийн хөндий хэмээх газраас олжээ. Одоогоор олсон газрын нэрээр Галшар-Түвшинширээ хэмээн нэрлээд байгаа аж. Солирын Өндөр 79.5 см, өргөн 45-52 см, жин-550 кг /, мөн Монгол нутгаас харьцангуй бүтнээр олдсон анхны тохиолдол болох 42000 жилийн настай буюу хуучин чулуун зэвсгийн эхэн үед холбоотой Савагт хирсний яс/ 2012 оны 6 сард Хан Хэнтийн чуулгын барилгын ажлыг хийх явцад илэрсэн/, чулуужсан мод, 1720 онд Манжийн хаанаас Сэцэн хан Цэвдэнбайнжуурт ирүүлсэн тамга, тамганы хайрцаг, сүүлчийн Сэцэн хан Навааннэрэнгийн үед хэрэглэж байсан суман модон сандал, Сэцэн хан Навааннэрэнгийн хэрэглэж байсан пийсүү аяга, халх бөөгийн өмсгөл – майхавч, оргой, хонгинуур, хэц, уран дархан Тожилын урласан их гарын мөнгөн чимэгтэй эмээл, ХҮII – XYIII зууны үеийн хоромсог, саадаг, түүнчлэн, жишээлбэл: төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойном, ардын жүжигчин, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зэрэг Хэнтий нутгаас төрөн гарсан олон арван алдартнуудын амьдрал, уран бүтээлийг харуулсан ховор нандийн үзмэрүүд хадгалагдаж байна.

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил

  • 70562204, 93060630

Мессэж бичих

Мессэж илгээх

Санал болгож буй газрууд