+(976) 9510-2233

УЛААНБААТАР ХОТ Хотын дурсгалт газрууд

АЛТАН ТЭВШИЙН ХӨНДИЙ

Эрт урьдын цагт энэ замбуулин хорвоо үүсч байх үед гэнэ. Хан-уул уул нэрээ олоогүй, Хатан Туул ус нэрээ аваагүй цагт эндэхийн жижигхэн булгийн дэргэд Лусын хааны ганц охин таван дагуул үзэсгэлэнтэй охидтой эрдэнийн алтан тэвшээр ус хутган тоглон бүжиглэж байхыг шулмын хаан хараад ихэд уурлаж, энэ бол бурхны явуулга, энд амьдрал үүсч хүн суурьшуулах гэж лусын охиныг явуулсан байна. Эрдэнийн алтан тэвшээр цацрах ус шиг булаг ундарсан ургамал тэгш нутаг газар үүсэх нь гэж ихэд уурлан атаат сэтгэл төрж таван чөтгөрөө дуудаж ирүүлээд нэгдэх чөтгөрт ингэж хэлжээ. "Чи урд талаас нь очиж булаг дээр эрдэнийн алтан тэвшээр ус хутган тоглож байгаа лусын охин түүний дагуул таван охидыг айлгаж сандраагаад эрдэнийн алтан тэвшийг нь авчир!" гэж явуулжээ. Энэ үед лусын охины дагуулуудаас хамгийн бага нь мэргэн үзмэрч охин байсан гэнэ. Тэр охин ингэж хэлжээ. "Биднийг шулмын хаан харчихлаа. Биднийг хорлох гэж чөтгөрөө явууллаа. Өдоо яанаа?"гэхэд таван дагуул охины хамгийн эгчмэд нь: "Ном муутай тойн хүнээс ном эрдэмгүй гөрөөчин дээр гэдэг. Цаг нь ирлээ дээ. Би явъя." гээд анч гөрөөчин эр болон хувилж угтаж тосоод овоохой босгож, хоолоо хийгээд сууж байж гэнэ. Чөтгөр ихэд саваагүйтэн исгэрч орилж чарлаж айлгах гэж ядаад овоохойг нь шөргөөж, цоолж шагайтал халуун тостой шөлөөр нүдийг нь сохлоод алчихаж гэнэ. Нэгдэх чөтгөрөө алагдсанд шулмын хаан уурлахын ихээр уурлаж хоёр дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ. "Чи миний далан алд төмөр шилбүүрийг авч тэр олон зээрийг тас ороолгон хөөж лусын охин, түүний дагуул таван охиныг дайруулан алаад эрдэнийн алтан тэвшийг нь авчир!" гэж явуулахыг тав дахь охин бас мэдээд: "Шулмын хаан хоёр дахь чөтгөрөө далан алд төмөр шилбүүрээ өгч үй олон зээрээр биднийг дайруулж алах нь одоо яанаа!" гэхэд хоёр дахь охин ингэж хэлжээ. Зээр олон гэлээ ч зэгэл саарал чоно болон улин хөөхөд олон зээр эргэн зугтахдаа далан алд төмөр шилбүүртэй чөтгөрийг нь дайраад алчихаж гэнэ. Хоёр дахь чөтгөрөө алагдсанд шулмын хаан уурлахын ихээр уурлаж арга ядахдаа гурав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ: "Лусын охин түүний дагуул таван охид дуулж бүжиглэхээс өөр юу чадав гэж. Би эрдэм номтой түшмэлийн дүрд хувилж ном хэлэлцэнэ. Хэрэв чи тэдэнд буруу зөрүү ярьж асуусанд хариулж чадахгүй ялагдвал чамайг дор чинь аянга ниргэнэ. Тэд ялагдвал тэднийг аянга ниргэж эрдэнийн алтан тэвш минийх болно" гэсэн хатуу ам хэлэлцэхээр гурав дахь чөтгөрөө түшмэл болгон явуулжээ. Тав дахь охин бас л мэдээд ингэж хэлжээ. "Шулмын хаан бидэн рүү гурав дахь чөтгөрөө түшмэл болгон хурвиргаж ном хаялцахаар явуулж байна. Хэрвээ бид үг алдаж буруу зөрүү хариулбал аянганд ниргэгдэж алтан тэвшээ алдана яанаа?" гэж санаа алдан хэлэхэд гурав дахь охин ингэж хэлжээ: "Эрдэм номонд муухан гэлээ ч элдэвтэй чөтгөртэй би ном хаялцъя" гэж хэлээд явж гэнэ. Шулмын хааны түшмэл болсон чөтгөртэй гурав дахь охин уулзаж хэн нь эхэлж асуухаа шодоход шулмын хааны түшмэл болсон чөтгөр эхэлж асуух болжээ. Шулмын хааны түшмэл болсон чөтгөр ингэж асууж гэнэ: "Бурхны чинь эцэг нь хэн бэ?" гэхэд гурав дахь охин:" Сэтгэл" гэхэд түшмэл болсон чөтгөр ихэд гайхан, - Сэтгэлийн чинь эцэг хэн бэ? гэхэд гурав дахь охин: - Мөнх хөх тэнгэр гэхэд шулмын хааны түшмэл болсон чөтгөр ихэд баярлан тэнэг минь тэр бурхны чинь эцэг нь манай шулмын хаан гэвүүт шулмын хааны түшмэл болсон чөтгөрийг аянга ниргэчихжээ. Гурав дахь чөтгөрөө аянганд ниргүүлсэн шулмын хаан уурлахын ихээр уурлаж дөрөв дэх чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ. "Чамайг зуу дахин хувилах шидэт шийдэмтэй баатар эр болгон хувиргаж явуулъя. Лусын охин түүний таван дагуул охидыг алаад эрдэнийн алтан тэвшийг нь авчир!" гэж явуулахдаа мянган хохьмой толгойн дуулга өгчээ. Үүнийг тав дахь охин бас л мэдэж урьдын адил хэлжээ. Дөрөв дэх охин харанхуй шөнө хар батганын толгой харвах баатар эр нь би биш ч гэлээ харвая гээд харваад алчихжээ. Шулмын хаан дөрөв дэх чөтгөрөө алагдсанд уурлахын ихээр уурлаж тав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ: "Чамайг би хэнд ч үзэгдэхгүй хөх өвсөнд хөх зүү мэт харагдах хорт могой болгон хувиргаж лусын охин түүний таван охидыг алахаар явууллаа. Чи үүр шөнийн заагаар очиж хорло!" хэмээн явуулжээ. Өдөржин шөнөжин айж түгшсэн Лусын охин таван дагуул охидын нүд анилдан байтал гэнэт тав дахь охин хашгиран босч хариугүй хатгах гэж байсан хар эрээн могойн толгой сүүлнээс барин: "Лусын охин чинийхээ хаш цагаан орд харшийн чинь хаалга үүдийг сахих ерөөлтэй. Хангарьд нь би боллоо" гээд нисээд явчихаж гэнээ. Үүнээс үүдэн хүрээ хот хангарьд сүлдтэй болсон гэнэ. "Нэгдэх охин анхны аюулыг анхлан зайлуулснаараа урд уулын савдаг анчин эр болоосой" гээд явчихсан гэнэ. Тэр цагаас хойш Богд уул ан гөрөөндөө харамгүй, худал хулгайд дургүй (анчин эр) савдагтай болсон гэнэ. Хоёр дахь охин хөнөөлийг хөөсөн хөх чоно болсон учир Сонгино уулын савдаг сахиус нь болъё гээд явсан гэнэ. Тэрнээс хойш Сонгино уул догшин (хөх чоно) савдагтай болсон гэнэ. Гурав дахь охин эрдэмтэй хүн болж ирсэн гурав дахь чөтгөрийг дарсан учир эрдэм номыг дээдэлсэн эрдмийн савдаг болж Чингэлтэй уулыг чимж явъя гээд явснаас Чингэлтэй уулыг ном эрдмийн улс шүтдэг болсон гэнэ. Дөрөв дэх охин баруун урдаас байлдахаар ирсэн хорлолыг хариулсан учир Баатар эрийн сахиус болж Баянзүрх уулын савдаг болъё гэж явснаас Баянзүрх уул цэрэг эрсэд ээлтэй туг тахиж эртнээс цэрэг суурьшдаг болсон гэнэ. Ингэж таван дагуул охид нь буцаж чадахгүй болсноос Лусын охин алтан тэвшээ урд ууланд нь тавьснаар ширээ тэвш хэлбэртэй уул үүссэнээс Алтан Тэвшийн хөндий гэж үзэсгэлэнтэй уул, ус тэгш Лусын орон гэмээр энэ хөндий үүссэн гэнээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"сонины 1999оны №158-159-рт Д.Баасанжавын нийтлүүлснээс О.Сүхбаатар. Монгол газар усны нэрийн домог УБ., 2001 он. хэвлэгдснээр ДЧ: 297-р талд

БАВУУМАРВА БУЮУ УЛААНБААТАР

XIV жарны эхээр V богд Лувсанчүлтэмжигмид нэгэн шөнө зүүдэлжээ. Тэр зүүдэнд нь Бавуумарва гэдэг нэгэн их хүмүн том цагаан заан унаад явж байхад нь Богд учраад: "Та ямар хэргээр энд явж байна? Ус нутаг хаа вэ?" гэж асуусанд тэр их хүмүн: "Богд хан уулын орчимд сүм дуган байгуулах зохистой газар хайж явна" гээд алга болжээ. Чингээд Богд: "Энэ зүүдний учрыг тайл" гэж сэцэд мэргэддээ даалгасанд мэргэд нь: " Богд хаантан та энэ хавьд шар цэгт сүм хийдээ байгуулбаас өлзийтэй юм байна. Таныг их хүрээ арван найман төрлийн үйлдвэртэй, шөнийн дуу тасардаггүй, хүн амьтан хөлхөлдсөн "Бавуумарва" нэртэй том хот дончир болох юм байна. Гагцхүү хүрээ байгуулах газрын захыг үзэж, сүм байгуулах цэгээ товловоос зохино" гэж айлджээ. Чингээд V Богд нэгэн өдөр хүлэг морь бэлтгүүлэн бараа бологчдоо дагуулан Мааньтын хөтлөөс эхлэн Чингэлтэй уулыг энгэрлэн Зонхов уулын өврөөр Зуун модны даваагаар давж, Улиастайн голоор дайраад, Хужиртын булангаар явж, Баянзүрхийн араар гарч, Туул голыг гатлан Богд уулын араар Хаяа голын захаар ороод, Буянт ухаагаар дамжин, Сонсголонгоор гол туулан Сонгино Хайрханы шилээр эргэж, Баруун, Зүүн түрүүгээр ороод Баянхошууны Нүд нуураар дайран Мааньтын хөтөл дээр ирж " Шар цэгт " буюу Далх гэдэг айлд ирсэн гэнэ. Далх гэдэг айлын байсан тэр дэнжийг Далхын дэнж гэдэг байсан ба далх нь "Сүлдэн тэнгэр" гэсэн утгатай тул үүнийг бэлгэшээн энд сүмээ байгуулжээ. Бараа бологчид нь V Богдоос: "Их хаантан та ийм их газар хүлэг мориор лагшин чилээрхэлгүй нар зөв тойрон давхиж ирсний учир юусан билээ? " гэж асуусанд Богд: "Миний Их хүрээ ирээдүйд дончир болох юм. Хот мандал буюу жанхар нь томорч, хүн ам нь өсч энэ их дөрвөн уулынхаа дунд багтахгүй тэлэх учиртай тул газар үзэн хэмжсэн нь энэ билээ" гэж айлджээ. Богд хаантны зүүдэнд учирсан Бавуумарва гэдэг их хүмүний нэр нь " Улаанбаатар " гэсэн утгатай тул Улаанбаатар хотын нэрийг ийн домоглож иржээ.

Эх сурвалж: Доктор, профессор Х.Сампилдэндэвийн тэмдэглэлээс О.Сүхбаатар. Монгол газар усны нэрийн домог УБ., 2001 он.-ын авснаар ДЧ: 314-р талд

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Захиалах хэсэг

Хүний тоо 1
Том хүн
Хүүхэд

Байршил

  • purevee

Мессэж бичих

Мессэж илгээх