+(976) 9510-2233

Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ менежмент санаачилгыг бий болгон олон нийтийн анхаарлыг түүнд хандуулах, Өвлийн аяллыг хөгжүүлж орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох орлого ашгийг нэмэгдүүлэх, тэдний байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилготой. 1997оноос Түмэн тэмээ - Тэмээн аяллын холбооноос санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн анхны, томоохон эвент арга хэмжээ юм.

Хугацаа: Жил бүрийн 3-р сарын 5,6,7-нд 
Зохиогдох газар: Өмнөговь аймаг, Булган сум
Баярт хүрэлцэн ирэх замын маршрут: УБ – Мандалговь – Даланзадгад – Булган сум ( УБ – Даланзадгадын чиглэлд улсын чанартай хар зам ашиглалтанд орсон. Нийт зам 560км дунджаар 7 цаг орчим явна.) Нийтийн тээврийн автобус Баянзүрхийн товчооноос өдөр бүр 08:00, 16:00 цагт хөдөлнө. Тасалбарын үнэ 30000 төгрөг. Даланзадгадаас - Булган суманд тухайн өдрүүдэд үйлчлэх тээврийн хэрэгслүүдтэй холбож өгнө. Хөтөлбөрийн дагуу захиалга авах ба бусад мэдээллийг 99074355, 95144470 дугааруудаас лавлаж болно.

 


Нэг дэх өдөр буюу 3-р сарын 5

  • 14:00 Тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд
  • Зочид төлөөлөгчдийг угтах, байрлуулах 

Хоёр дахь өдөр буюу 3-р сарын 6

  • 10:00 – 13:00 Тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд үргэлжилнэ. 
  • 14:00 – Түмэн тэмээний баярын нээлтийн ажиллагаа. Тэмээтэй парад жагсаал. (Тэмээний баярт ирсэн тэмээ бүхэн парад жагсаалд оролцохоос гадна жуулчид, иргэд сайн дураараа парад жагсаалд оролцож болно. Орон нутгийн иргэд тэмээгээ 7000 орчим төгрөгөөр үнэлэн жуулчид иргэдэд унуулж үйлчилдэг.)
  • Гоё тэмээтэй сайхан хос - тэмцээн
  • Монгол үндэсний тоглоом болох Мөсөн шагайн харвааны тэмцээн
  • Тэмээн поло тэмцээний “Аваргын цомын төлөө” шувтаргын хоёр багийн тоглолт
  • Тайлаг тэмээний бооцоот уралдаан 
  • Булган сумын сурагчдын байгаль хамгаалах “Алтайн хойлог” клубын урлагийн тоглолт 
  • Сумын бүжгийн үдэшлэг.

Гурав дахь өдөр: 3-р сарын 7

  • Нас бие гүйцсэн атан тэмээний уралдаан 
  • Хоёр настай тором тэмээний уралдаан
  • Тэмээтэй буухиа - тэмээчдийн багийн тэмцээн 
  • Хаалт буюу шагнал гардуулах үйл ажиллагаа
     

Буцах маршрут: Булган сум – Хавцгайтын хадны сүг зураг – Даланзадгад хот

  • Булган сумаас 28км зайд байх Говь гурван сайхан уулын Баруун сайхан ууланд байрлах эртний хүний амьдарч байсны ул мөр болох Хавцгайтын хадны сүг зургийг үзнэ.
  • Даланзадгад хотод өдрийн хоол иднэ.
  • Даланзадгад хот дахь Хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төвд зочилж Монголын говийн байгаль, ургамал, ан амьтан, палеонтологийн талаарх мэдээллийг авна.
  • Даланзадгад хотоос Улаанбаатар хот руу буцна.

Санамж:

  • Баянзүрхийн товчооноос явдаг хот хоорондын автобусны төлбөр: 30000 төгрөг.
  • Даланзадгадаас Булган сумын чиглэлд явдаг нийтийн тээвэр өдөр бүр 09:00 цагт хөдөлдөг ба тасалбарын үнэ 10000 төгрөг. Хувийн автомашинууд Очир худалдааны төвөөс явна. 
  • Баянзүрхийн товчооны утас: 70153386,98663386
  • Өмнөговь аймгийн тээврийн товчоо: 70533708


Байрлах байр: Өвлийн улиралд жуулчны баазууд ажилладаггүй тул Булган сумын иргэдийн тусгайлан бэлтгэсэн гэр буудлуудад байрлуулна. Гэр буудлуудад жуулчинд үйлчлэх, хоол, үйлчилгээний чиглэлээр дадлагажиж сургалтанд хамрагдсан хүмүүс ажилладаг.

Харилцаа холбоо: Булган сум нь Даланзадгад хотоос 100км зайд алслагдан оршдог бөгөөд үүрэн телефоны Мобиком, G-Mobile, Skytel, Unitel компаний сүлжээтэй.

Хураамж: Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг болгож давуу эрхтэй оролцох Мандат олгох бөгөөд мандатын үнэ гадаадын иргэнд 50 ам доллар, дотоодын иргэд 10000 төгрөг байна. Мандаттай оролцогсод тэмээний уралдааны үед гараанаас бариа хүртэл тодорхой зайд авто машинтай явж зураг авах, уралдаан тэмцээний талбайд зураг авах зэрэг давуу эрхээр хангагдана. Мандатыг баярын үед биедээ ил зүүж явахыг анхаарна уу! Мандатыг нэг сарын өмнөөс эхлэн олгох ба холбогдох мэдээллийг tumen106@yahoo.com n.ariunsanaa@yahoo.com хаяг руу e-mail илгээж авах,  99074355, 95144470, 98070802 гэсэн утсаар лавлаж авч болно.

Цаг агаар: Баярын үеэр цаг агаар олон жилийн дунджаар шөнөдөө -10-15 хэм, өдөртөө -3-8 хэм орчимд байдаг.

Бусад: Баярын үед тус компанитай байнгын гэрээгээр ажилладаг, орон нутгийн, жуулчны ажил үйлчилгээнд дадлагажсан, туршлагатай жолооч нар Ланд 80, Ланд 100, УАЗ Фургон авто машинаар тус тус үйлчилнэ. 95144470, 88715098, 98070802 утсаар холбогдоно уу

Баярын үеэр зохион байгуулагдах Тэмээтэй парад жагсаал, Тэмээн полоны тэмцээн, Тэмээний уралдаан, Тэмээтэй буухиа тэмцээнүүдэд жуулчид зочдыг баг гарган оролцох боломжоор хангана. Жуулчид зочдыг өөрийн улс, компаний туг, далбаатай оролцохыг дэмжинэ. Парад болон уралдаанд оролцохыг хүсэгчид 3-р сарын 1-ний дотор урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэн ивээн тэтгэсэн иргэд, аж ахуйн нэгжийг өргөн хэмжээгээр сурталчилдаг. Мөн баярыг зохион байгуулагч Түмэн тэмээ – тэмээн аяллын холбоонд гишүүнээр элсэх эрхийг олгодог. Гишүүн байгууллагын жилийн татвар 100 ам доллар болно. 

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Баталгаажсан

Байршил

  • 99074355 95144470 80150678