Их Монгол улсын нийслэл. Хархорумд хот суурин байгуулах явдал бүр Уйгур улсын үеэс эхтэй бөгөөд хожим нь Чингис хааны орд өргөө Хархорум орчимд байрлаж байв. Чингис хаан 1220 онд Хархорумыг улсын нийслэл болгохоор тогтсон мэтээр өгүүлсэн ганц нэг баримт буй боловч чухамхүү нийслэл болсон нь Өгэдэй хааны үед холбогдоно. Өгэдэй хаан 1234 онд Алтан улсыг мөхөөх аян дайнаас буцан ирж Хархорумд буусан тухай “Монголын нууц товчоон”-д тэмдэглэсэн бөгөөд Өгэдэй хаан 1235 онд Хархорум хотыг байгуулж, Түмэн амгалант ордныг цогцлоож, Монгол гүрний нийслэл болгожээ. Түүнээс хойш Хархорум нь Хубилайг их хаан суух хүртэл Монгол гүрний нийслэл байж, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байжээ. 1260 онд Хубилай Шанду хотод хаан ширээнд сууж, улмаар 1264 онд Алтан улсын нийслэл байсан Яньцзин хотыг Чжунду хэмээн нэрлээд, 1266 онд тус хотын зүүн хойно шинэ нийслэл Дайду хотыг байгуулах зарлиг буулгав.

Шинээр байгуулсан хотоо 1271 онд улсын нийслэл болгон тунхагласнаар Хархорум хот улсын нийслэл байхаа больсон хэдий ч уугуул монгол нутгийн улс төрийн төв хэвээр байжээ. Дай Юань улсын хаад Хархорумыг өвөг дээдсийн мандсан нутаг хэмээн онцгойлон үзэж, хаан ширээ залгамжлах хан хөвгүүнийг тус хотод суулган, монгол нутгийг захируулдаг байв. 1370 онд Тогоонтөмөр хааны хүү Аюушридара Билэгт хаан Хархорумд нийслэллэн сууснаар тус хот дахин цэцэглэн мандах болжээ. Гэвч 1380 онд Хятадын Мин улсын цэрэг Хархорум хотыг довтолж эвдэн сүйтгэсний улмаас тус хот эзгүйрэн орхигдох эхлэл тавигдсан хэмээн зарим судлаач үздэг нь эргэлзээтэй. 1378 онд Төгстөмөр хаан Буйр нуурын орчимд Мин улсын цэрэгт цохигдоод Хорин (Хархорум)-д суухаар одсон тухай нанхиад сурвалжийн мэдээ нь тухайн үед Хархорум хот хэвээр байсныг харуулж буй гэж үзэж байна. Түүнээс хойш Монголын хаад Хархорумд сууж байсан тухай мэдээ үзэгдэхгүй боловч, ямартай ч Батмөнх Даян хааны үед богино хугацаагаар Хархорумд нийслэллэж байжээ. XVI зууны сүүлчээр Халхын нөлөө бүхий язгууртан Абтай сайн хан Хархорумын суурин дээр Эрдэнэзуу хэмээх хийдийг байгуулсан нь Хархорум хавийн нутаг монголчуудын оюун санаанаас огтоос арчигдаагүй, хүндтэй байр суурь эзэлж байсныг харуулах чухал нотолгоо юм.

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил