Халхын Их хүрээний урд Хан уулын өвөрт байсан хийд Манзуширийн хийд Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн Их Шавийн харьяат отог одоогийн Төв аймгийн Зуунмод сумын нутаг Богд хан уулын энгэрт оршино. Чин улсын Найралт Төвийн арван нэгдүгээр /1733/ онд анх хийдийн суурийг үүсгэжээ. Манзушир хутагтын 12-р үеийн хувилгаан Лувсанжамбалданзан бээр хэдэн төвд ламын хамт ирж Богд хан уулын энгэрт Ачит Дүйнхорын булаг хэмээхийн ойр газрыг сонгож аваад цагаан чулуугаар урласан цагаан өвгөний дүрс олсон учир бэлгэшээн “Өвгөн лаврин” хэмээх сүмийг эхлээд байгуулжээ. Уг сүмийг 1735-1747 онд барьж дуусгаy Манжийн хаанаас “Буяныг залбирагч сүм” хэмээх нэр олгожээ. Манзушир лам Агваанлувсанжамбалданзан II Богд Жибзундамбад багшаар залагдаж уул хийдийг 1750 онд түүнд өргөсөн учир Богдын их шавийнхан засаж сэлбэдэг байжээ. Манзуширын хийд 10 гаруй сүм, дацантай байв. XVIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулсан бөгөөд 1760 онд уг дуганы ард Шар хүрээ гэдэг Богдын ордонг байгуулжээ. Энэ ордонд хожим VIII Богд сууж байжээ. 1780 онд Сэрүүн Лаврин хэмээх ордонг байгуулжээ. Энэ хийдэд 1000 орчим лам хурал хурдаг байсан хэмээдэг. Уг хийдийн Чогчин дуганд Цагаан дарь эх Рэгсүнгомбо лхам сахиус, алтан шунхан ганжуурууд, жүдийн дуганд гавьж аграмба мяндаг олгох хурал номтой, Бадам-ёгын дуганд ядамууд, Гүрмийн дацанд арван хангал, доодүдэв хурж сор залдаг, Өвгөн Лавринд цагаан зандан Логшир, уран Намжилдагвын бүтээсэн алтан, мөнгөн, есөн эрдэнээр үйлдсэн таван янзын Манзушир бурхантай, Манбын дацанд Оточ манла тахиж эмийн цэцэг навч өвс үндэс судлаж байжээ.

Манзушир ламын шар ордонд хурал хурдаггүй. Гомбо, Чойжоо, Чадраабал голлосон 70 орчим цамтай намрын адаг сарын 19-ний өдөр цамнаж бүжиглэдэг ёс дэгтэй байсан гэдэг. Мөн сарын 29-ний өдөр Майдар эргэж мөргөлчдийг олноор цуглуулдаг байв. Манзуширын хутагтын сүүлчийн хувилгаан Цэрэндорж нь шар шашны үйл хэргийг гүйцэтгэхээс гадна 1919-1920 онд Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэсэн бөгөөд 1937 онд улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэн хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Манзуширийн хийдийг 1937 онд нурааж буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны Дотоод яамны бүртгэлд бүртгэжээ. Манзуширын хийдийн арын хадан дээр сийлсэн бурхдын зургийг 1971 онд орон нутгийн хамгаалалтад, мөн уг хийдийн туурийг 1994 онд улсын хамгаалалтад тус тус авчээ. Төв аймгийн Зуунмод сумын захиргаанаас 1989 онд гэрэл зургийг үндэслэн сэрүүн Лавринг шинээр сэргээн босгожээ. Түүнийг одоо музейн зориулалттай ашиглаж байна. Одоо Манзуширийн хийдийн хурал номын үйл ажиллагаа нь Зуунмод голын зүүн хөвөөн дээр байгуулсан хийдэд явагдаж байна. (С.Чулуун, Н.Маралмаа) Эх сурвалж: Монгол түүхийн тайлбар толь

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил