+(976) 9510-2233

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР Хөвсгөлийн мужийн баруун хэсгийн гол төлөөлөл нутаг болох гадаргын өвөрмөц тогтоц, ландшафтын хослол, экосистемийн төлөөлөл, ховор амьтан, ургамлын тархалт, байршил, шинжлэх ухааны ач холбогдолтой, эртний мөстлөгийн том төвүүдийн нэг, цэвэр усны арвин нөөц бүхий Улаан тайгын байгалийн цогцолборт газрын хамгааллын бүсийг өргөтгөсөн. Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул сумдын дэвсгэр нутагт орших бөгөөд энд Дэлгэрмөрөн, Хөг, Бүс, Шишгэд, Гуна, Мунгараг голуудын сав дагуух нутаг хамрагдана. Улаан тайгын нуруу, түүний салбар уулсыг Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад бөмбөгөрдүү хавтгай, заримдаа мөстлөгийн үйл ажиллагаагаар элэгдэж тэгширсэн гадарга бүхий орой хяртай бөгөөд ийм тэгшрэлийн гадарга нь хэдэн арван километр үргэлжлэн тогтсон байдаг. Улаан тайгын район нь бүхэлдээ уртрагийн дагуу байрлах нэгэн нэгдмэл уулзүйн тогтолцоог бүрдүүлэх бөгөөд төв хэсэг нь харьцангуй өндөр өргөгдсөн тул төвөөсөө тал бүр тийшээ намсах байдалтай тогтсон онцлогтой. Хотгор гүдгэрийн шинж байдал нь Хорьдил Сарьдагийн нуруунаас эрс ялгаатай. Хурц шовх оргилууд цөөн хэдий ч үнэмлэхүй өндрийн хувьд илүү ба уг уулсын системийн гол цөм болсон Дунд, Доод Тайгасын нуруу, Ногоон тайга, Донгол, Онголог, Лам тайгын нуруу нь эртний тэгшрэлийн гадарга бүхий хавтгай орой хяртай, мөстлөгийн хунх, мөстлөгийн нуур, морены далан, дэнж, бул чулуу элбэг тархсан өвөрмөц нутаг юм. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3351 метр өргөгдсөн. Өндөр уулын ян сарьдаг (16,5%), уулын тундр (27,4%), өндөр уулын хүйтсэг нуга (10,4%), уулын тайга (27,0%), голын нуга (18,7%) зэрэг экосистемийн төлөөлөл бүрэн хамрагддаг.

Өөрөөр хэлбэл баруун Хөвсгөлийн дэд мужид багтах экосистемүүд тус дархан цаазат газрын дэвсгэр нутагт ерөнхийдөө тэнцвэртэй байдлаар хуваарилагддаг. Улаан тайгын нурууны төвөөс Хөг, Бус, Мунгараг, Гуна, Дэлгэрмөрөн гэсэн 5 том гол, тэдгээрийн цутгал олон голууд эх авч урсдаг. Эдгээр голууд нь Енисей болон Сэлэнгэ мөрний эх болдог төдийгүй цэвэр, тунгалаг усны арвин их нөөцтэй юм. Ойн нөөцийн ихэнх нь дээрх голуудын савд тархана. Энд шинэс, шинэс-хушин ой зонхилох бөгөөд Хорьдол сарьдаг, Тэнгис – Шишгэдийн савыг бодвол ойн нөөцөөр их юм. Ялангуяа Бус, Дэлгэр мөрний хөндий бусдаас өргөн тавиу, үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй нам түвшинд орших тул энд жинхэнэ тайгын хэв шинжит ой тархсан байдаг онцлогтой. Улаан тайгын районд дархан цаазат болон ховор амьтдаас аргаль, янгир, ирвэс, баавгай, буга, хандгай, булга, хүдэр, халиу, зэрлэг цаа, шувуудаас алтайн хойлог, явлаг сар, цагаан сүүлт бүргэд байран амьдардаг. Эдгээрээс аргаль, ирвэс, халиу зэрэг амьтдын тоо цөөрч тархац нутаг нь эрс багассан. Мөн энэ нутагт байран оршиж байсан зэрлэг цаа тоо толгойн хувьд эрс цөөрч улмаар дайжин Тэнгис-Шишгэдийн савд нутаглах болжээ. Улаан тайгын район нь сум, багийн төвөөс алслагдмал, улсын хил дагуу орших өндөр уул, ой тайга бүхий бартаа ихтэй нутаг тул газрын ашиглалт байхгүй учраас энэ орчны эко системийн унаган төрх хөндөгдөлгүй явж ирсэн байна.

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил